Хөдөлмөрийн зохион байгуулалт ба яг цагт нь систем 6-р хичээл
Ажлын явцын төлөвлөлт
Ажлын системийн төлөвлөлт нь юуны өмнө ажлын агуулга, түүнийг гүйцэтгэх аргыг тодорхойлох асуудалтай холбоотой. Төлөвлөлтийн зорилго нь ерөнхийдөө бүтээмжтэй, үр ашигтай ажлын системийг бий болгоход оршино. Практик талаас нь аваад үзвэл ажлын явцыг төлөвлөснөөр ажлыг хэн хийх вэ?, яаж хийх вэ?, хаана түүнийг гүйцэтгэх вэ? гэдэг асуудлыг тодорхойлдог. Амжилттай ажлын явцын төлөвлөгөө нь:
1. Туршлагатай, шаардлагатай боловсролыг эзэмшсэн, бэлтгэл хийсэн албан хаагчдаар боловсруулагдсан байх ёстой.
2. Байгууллагын зорилгод нийцсэн байх ёстой.
3. Баримтаар баталгаажсан байх ёстой.
4. Удирдлагад төдийгүй ажилчдад ойлгомжтой, хүлээн авахуйц байх ёстой.
Ажлын явцын төлөвлөгөөнд нөлөөлөгч хүчин зүйлсийг харгалзан, түүнийг олон хувилбараар боловсруулах нь маш нарийн төвөгтэй асуудал тул ажлын системийг төлөвлөх хангалттай хэмжээний туршлагагүйгээр түүнийг шийдвэрлэх боломжгүй. Иймд ажлын явцын төлөвлөгөөг үндэслэлтэй сайн боловсруулахын тулд удирдлага болон ажилтнуудааас сайн зөвлөлгөө авч ярилцлага хийж тэдний санаа бодлыг тусгах хэрэгтэй. Түүнчлэн үйлвэрлэлийг гардан явуулдаг ажилчдыг ажлын явцын төлөвлөгөө боловсруулахад өргөн оролцуулж тэдний үзэл бодлыг тусгах хэрэгтэй.
Ажлын явцыг төлөвлөж буй өнөөгийн практикт шинжлэх ухааны хоёр чиглэл ноёрхож байна. Нэгдэх үр ашгийн чиг хандлага нь ажлыг төсөвлөх үед системийн үүднээс хандаж түүний дотоод мөн чанарт илүү анхаарал тавьдаг. Нөгөө нэг чиг хандлага нь зан үйлийн асуудалд илүү анхаарч хэрэглэгчийн хүсэл, хэрэгцээг хангахад голлон анхаардаг. Үр ашгийн чиг хандлагыг Фредрих Теллор үндэслэсэн бөгөөд энэ чиг хандлага өнгөрсөн үед илүү түлхүү хөгжсөн. Зан үйлийн чиглэл 1950-иад оны үеэс илүү эрчимтэй хөгжиж өнөөдөр шинэ санаануудаар улам бүр баяжигдан хөгжиж байна. Зан үйлийн чиг хандлага нь хүний хүчин зүйл бол маш нарийн төвөгтэй, чухал ач холбогдолтой хүчин зүйл гэдгийг менежерүүдэд сануулж хүний хүчин зүйлийг анхаарахгүйгээр үр ашгийг нэмэгдүүлэх боломжгүй гэж үздэг.
Зан үйлийн чиг хандлага 70-аад оны үеэс илүү эрч хүч авсан нь "Америк дахь хөдөлмөр" гэдэг бүтээлээс харагддаг. Энэ бүтээлд ажлын системд оршиж байгаа зарим хүндрэлтэй асуудлуудыг дэлгэрэнгүй авч үзсэн байдаг. Энэ бүтээлд ажилчид өөрийн хийж байгаа ажилдаа маш их сэтгэл хангалуун биш байгаагийн шалгааныг тодорхойлжээ. Ажлыг төсөвлөгч нарын анхаарлыг хоёр үндсэн асуудал их татсан. Нэгдүгээрт, ажилчид хийж байгаа ажилдаа маш их сонирхолгүй байгааг, хоёрдугаарт олон ажилчид өөрсдийн ажилдаа нарийн хяналт тавихыг хүсч байдгийг олж мэдсэн. Энэ нь үйлдвэрлэл автоматжих тусам ажилчид зөвхөн тодорхой ажилбарыг байнга хийж хэт нарийн мэргэшүүлсэнээс, ажил нь уйтгартай сонирхолгүй болдогтой холбоотой байв. Ажилчдыг хэт нарийн мэргэшүүлэх нь тэдний бүтээмж болон зан үйлийн хүчин зүйлийн хооронд зөрчил үүсэх үндэс болдог байна.
Ажилдчдыг мэргэшүүлэх. Мэргэшүүлнэ гэдэг нь ажилчдаар маш нарийн чиглэлтэй тодорхой хөдөлмөр эрхлүүлэхийг хэлнэ. Мэргэшүүлэлтийн жишээг конвейрийн системээс эхлээд эмчийн хөдөлмөрийн жишээнээс харж болно. Их сургуулийн профессорууд тодорхой төрлийн хичээл заахаар мэргэшсэн байдаг. Авто засварын үйлчилгээ үзүүлдэг байгууллагын ажилчид зөвхөн хүч дамжуулах ангийг засварлах, хүнсний үйлвэрийн зарим ажилчид зөвхөн хуримын бялуу бэлтгэхээр мэргэшсэн байдаг. Мэргэшүүлэлтийн мөн чанар нь үйлдвэрлэл, үйлчилгээний тодорхой салбарт мэргэшин ажиллахаар хүчээ төвлөрүүлэхэд оршдог. Ажилчид тодорхой чиглэлийн ажил хийхээр мэргэшихийн тулд энэ чиглэлээр тодорхой хэмжээний мэдлэг хуримтлуулж, ур чадвар эзэмшиж түүгээрээ бахархаж байх ёстой.
Энэ боломж ихэвчлэн дээд боловсролтой эмч, багш, хуульч мэтийн мэргэжилтнүүдэд их тохиолддог. Харин конвейр дээр ажиллаж байгаа ажилчдад тийм бахархалыг төрүүлж чаддаггүй. Хөдөлмөрийг нарийн төрөлжүүлэх нь бүтээмжийг дээшлүүлж, нэгж бүтээгдэхүүний өөрийн өртгийг бууруулах боломж олгож аж үйлдвэржсэн өндөр хөгжилтэй орнуудад ажилчдын амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд нь нөлөөлж байна. Гэвч харамсалтай нь ажилчдыг тодорхой чиглэлээр нарийн мэргэшүүлж нэг хэвийн уйтгартай ажил байнга давтан хийлгэх нь түүнээс уйдах, залхахад хүргэж ажилдаа сэтгэл хангалуун биш болгоход хүргэдэг. Гэхдээ ийм нөхцөлд ч ажилчид хөдөлмөрийг төрөлжүүлэх асуудалд дүргүй байдаг гэсэн хатуу дүгнэлт хийж болохгүй. Харин ч зарим ажилчид тодорхой хязгаар бүхий үүрэг хариуцлага хүлээж байх сонирхолтой байдаг. Гэвч хэт нарийн мэргэшсэн ажил байнга гүйцэтгэснээс өргөн хүрээтэй үүрэг, хариуцлага хүлээдэг ажлыг гүйцэтгэх чадваргүй болдог. Ажилдаа дур сонирхолгүй байгаагаас ажлын цагаа бүтээл муутай өнгөрөөх, дэмий сэлгүүцэх явдал их гардаг. Мөн ажилчид ажилдаа дургүй байгаагаа ажлаа удаан хийх, бүтээгдэхүүн үйлчилгээний чанарт бага анхаарах гэх мэтийн янз бүрийн хэлбэрээр илэрхийлдэг. Иймд ажлын явцыг төлөвлөгч энэ бүх дутагдлыг арилгах арга замыг эрж хайх хэрэгтэй. Ажилчдыг тодорхой чиглэлээр мэргэшүүлэх нь өөрийн давуу, болоод сул талуудтай.

Мэргэшлийг өргөжүүлэх гэдэг нь ажилчин хүнд ерөнхий зорилгын ихэнхи хэсгийг хариуцан хийх боломж олгодог. Энэ нь нэг ижил албан тушаалын ажилчдын ачааллыг бий болгож нэмэлт ажлуудыг хийлгэн үндсэн ажилтай нь адил хэмжээний хариуцлага хүлээлгэдэг. Нэмэлт ачааллын зорилго нь ажлыг илүү сонирхолтой болгож хийх ажлын төрлийг нь нэмэгдүүлэн эцсийн бүтээгдэхүүнийг үйлвэрлэхэд тэдний үүрэг хариуцлагыг нь нэмэгдүүлдэг. Жишээ нь, аж үйлдвэрийн газарт ажилчин хүнээр ганцхан ажилбар хийлгэхийн оронд дараалан хийгддэг хэд хэд ажилбарыг хийлгэх замаар хийх ажлын хүрээгий нь нэмэгдүүлэх жишээтэй.
Ажлыг сольж хийлгэх гэдэг нь ажилчид ажлын байраа тодорхой хугацаагаар сольж ажиллахыг хэлнэ. Хоёр, түүнээс дээш тооны хэд хэдэн ажилчдыг нэг хэвийн уйтгартай ажлаас чөлөөлж илүү сонирхолтой ажилд шилжүүлэх боломж олгодог. Ингэснээрээ ажилдаа ямар нэг шалтгаанаар ирээгүй ажилчдын оронд тэднийг ажилуулах боломжтой болно.
Ажлын явцыг баяжуулах гэдэг нь хөдөлмөрийн процесийг гүйцэтгэх хариуцлагыг нэмэгдүүлдэг. Үүнийг ихэнхидээ босоо ачаалал гэж нэрлэдэг. Жишээ нь, томоохон их дэлгүүрүүдэд худалдагч нараар бараа бүтээгдэхүүнийх нь захиалгыг хийлгэх нь тэдний гүйцэтгэх үүргийг өргөтгөж хариуцлагыг нэмэгдүүлдэг. Энэ нь ажилчдын ажил гүйцэтгэх чадамжийг сайжруулж ажилдаа сэтгэл хангалуун байх боломжийг нэмэгдүүлнэ.
Ажлын бүлгүүд
Үйлдвэрийн газрыг илүү бүтээмжтэй, өрсөлдөх чадвартай, хэрэглэгчдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг болгохын тулд ажил яаж хийгдэж байгааг зайлшгүй судлах хэрэгтэй болдог. Зарим үйлдвэрлэлийн бүтцэд хөдөлмөр зохион байгуулалтын бригадын хэлбэр хүч түрэн орж цалинг олгох янз бүрийн арга хэрэглэгдэх болсон. Өнгөрсөн үед нэг юмуу хэд хэдэн ажилчдад ажлын явцын талаархи хэрэглэгчийн гомдол саналыг барагдуулах, ажлын явцын зохион байгуулалтыг сайжруулах талаар хийсэн ажлыг нэг менежерт тайлагнадаг байв. Сүүлийн үед эдгээр үүргүүд түүнийг боловсруулсан, маргаантай асуудлыг үүсгэсэн ажилчдын бүлэгт шилжих болов. Энэ үед ерөнхий зорилгын төлөө хүлээх хариуцлагыг ажлыг яаж гүйцэтгэхээ өөрсдөө шийдвэрлэж байгаа ажилчдын хооронд хуваариладаг.
Бие даасан ажлын бүлгүүд (зарим үед өөрийн удирдлагатай бүлэг ч гэж нэрлэдэг.) хамт олны хүчийг нягтруулах, үйлдвэрлэлийн явцад түүний оролцох оролцоог сайржуулах зорилгоор зохион байгуулагддаг. Ажлын бүлгүүдэд шийдвэр гаргах бүрэн эрх олгохгүй боловч өөрсдийн ажлын явцад гарч байгаа өөрчлөлтийг хянах бүрэн эрхтэй байна. Үүний гол шалтгаан нь ажилчид үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд гардан оролцож ажил хэрхэн явагдаж байгаа, ямар өөрчлөлт оруулах талаар удирдагчаас илүү мэдлэгтэй байдагт оршино. Түүнчлэн өөрчлөлт хийх асуудлыг материалын талаар урамшуулж өөрчлөлт хийх асуудлыг ажилчдаар өөрсдөөр нь шийдвэрлүүлсэнээр тэдэнд илүү сайн ажиллах боломж олгодог. Ийм ажлын бүлгийг жинхэнэ ёсоор бий болгохын тулд тэдний гишүүдийг тухайн бүлгийн хамт олны дотор ажиллуулж ажил гүйцэтгэх, ажлыг сайжруулах арга туршлагыг эзэмшүүлэх хэрэгтэй байдаг. Бие даасан ажлын бүлгүүд хэд хэдэн давуу талтай байна. Нэг давуу тал нь хэд хэдэн ажлын бүлгүүд буюу бригадыг нэг менежерээр удирдуулах боломжтой байх тул менежерүүд бага шаардагдна. Ажлын явцын төлөө хүлээх хариуцлагыг тэдэнд өөрсдөд нь хүлээлгэх тул сайжруулалт хийх асуудалд харьцангуй бага цаг зарцуулдаг.
Ерөнхийдөө ажлын бүлгийн давуу тал нь ажлыг чанартай хийх, бүтээмж өндөртэй ажиллах, өөрийн ажилдаа сэтгэл хангалуун байх боломж олгодогт оршино. Ажилчид ажилдаа сэтгэл хангалуун байх нь ажилчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах, ажлын цагаа бүтээмжтэй ашиглахад нь нөлөөлж, шинэ ажилчдыг сургахад гарах зардлыг хэмнэх боломж олгодог. Гэхдээ ажлын бүлэг зохион байгуулахад ямар ч хүндрэл учирдаггүй гэсэн үг биш юм. Удирдлагууд, ялангуяа дунд шатны удирдлагууд ажлаа хийх явцдаа ажилчдын зүгээс байнгын дарамт үзэж байдаг. Ажлын явцын төсөвлөлт нь үйлдвэрлэлийн процессийг бүхэлд нь судлахаас эхлэдэг. Цаашдаа ерөнхийгөөс тусгайд шилжих замаар ажлын байрны зохион байгуулалт, ажилчдын шилжилт хөдөлгөөнийг зохицуулах асуудалд төвлөрдөг. Системийн шинжилгээг шаарддаг олон шалтгаан байна.
1. Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж багаж хэрэгслэл байнга өөрчлөгддөг. 2. Бүтээгдэхүүний загвар өөрчлөгдөх эсвэл шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх.
3. Үйлдвэрлэлд ашиглагдах материал, технологийн поцесс байнга өөрчлөгддөг.
4. Засгийн газрын заавар дүрэм, хөдөлмөрийн гэрээ байнга шинэчлэгддэг.
5. Бусад хүчин зүйлс. (үйлдвэрлэлийн осол, бүтээгдэхүүний чанар доголдох гэх мэт.)
Системийн шинжилгээг одоо хийгдэж байгаа ажил дээр ч, шинээр хийгдэх ажил дээр ч хийнэ. Одоо хийгдээгүй ажлыг гүйцэтгэх аргыг судлана гэдэг нь боломжгүй юм шиг санагдах боловч харин ч хийгдэж эхлэхээс өмнө ийм судалгаа хийх нь дараа нь сайжруулах шаардлага гардаггүй сайн талтай. Хийгдээгүй ажлыг гүйцэтгэх аргыг судлах үед судалгаа нь ажлыг гүйцэтгэх зааварчлага, ажлын онцлог дээр тулгуурладаг.
Системийн шинжилгээг дараах байдлаар гүйцэтгэнэ.
1. Судлах гэж байгаа ажлын төрлийг тодорхойлж түүнийг гүйцэтгэхэд ашиглагдах тоног төхөөрөмж багаж хэрэгслэл, түүхий эд материалын тухай бодит мэдээллийг цуглуулах.
2. Хийгдэж байгаа ажлыг судлаж байгаа бол түүнийг шууд гардан хийж байгаа ажилчид ба удирдлагатай ярилцах замаар хийж тэдний хувь нэмрийг тодорхойлно.
3. Схем, диаграмм ашиглан ажлыг гүйцэтгэж байгаа аргыг судлаж баталгаажуулах Шинээр хийгдэх ажлын хувьд ажиллаж байгаа үйлдвэрийн газрын тухай мэдээлэл дээр тулгуурлан диаграмм, схем боловсруулна.
4. Ажлын явцыг задлан шинжлэх.
5. Шинэ аргыг санал болгох.
6. Шинэ арга нэвтрүүлэх.
7. Чанарын өөрчлөлт гарч байгаа эсэхийг баталгаажуулахын тулд нэвтрүүлэх асуудлыг нарийн мөрдөж ажиллах.
Судлах ажлын төрлийг сонгох.
Зарим үед удирдлага болон мастерүүд тодорхой нэг ажлын явцыг судлахыг хүсдэг. Бусад тохиолдолд ажил гүйцэтгэх аргыг судлах нь үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, зардлыг бууруулах ерөнхий хөтөлбөрийн нэг хэсэг гэж үздэг. Судлах ажлын төрлийг сонгох үед дараах хүчин зүйлсийг харгалзна.
1. Хөдөлмөр багтаамж өндөр байх.
2. Байнга хийгддэг ажил байх.
3. Осол гарах магадлал ихтэй, ядаргаатай, таагүй эсвэл дуу чимээ ихтэй.
4. Тодорхой асуудал үүсгээд байгаа ажил байна.
Одоо хэрэглэж байгаа аргыг баримтжуулах. Энэ үед янз бүрийн диаграмм, график, ажлыг гүйцэтгэх аргыг дүрслэн бичих замаар түүнийг баримтжуулдаг. Энэ нь ажлын явцыг зөв танин мэдэх, боломжийн өөрчлөлтийг бодитой үнэлэх боломж олгодог.
Ажлыг задлан шинжлэх, шинэ аргыг санал болгох. Ажлыг задлан шинжлэх нь ажлын явцтай холбоотой бүх асуудлыг зөв шийдвэрлэх боломж олгоно. Өөрөөр хэлбэл юуг, яагаад, хэзээ, хэн, хаана гэдэг асуудлыг зөв шийдэх боломж бүрдүүлнэ. Үйлдвэрлэлийг явуулах аргыг задлан шинжилж боловсронгуй болгох асуудлыг судлахад янз бүрийн диаграмм, схем, жишээ нь үйлдвэрлэлийн процессийн болон тоног төхөөрөмжийг хуваарилах диаграмм ашигладаг. Үйлдвэрлэлийн процессийн схемийг ажилбарын дарааллыг авч үзэх, задлан шинжлэхэд ашигладаг. Ийм схемийг үйлдвэрлэлийн бус зориулалтаар үр ашиггүй

Ажилчид ба тоног төхөөрөмжийн ажиллах график нь ажилчид болон тоног төхөөрөмж ажлын цагийн тодорхой хэсэг хугацаанд ажилтай эсвэл чөлөөтэй байгааг харуулах боломж олгодог. Шинжээчид машин болон ажилчид бие биенээсээ хамааралгүй ажилтай байгаа эсвэл бие биенээсээ хамааран ажилгүй болсоныг харах боломж бүрддэг. Ийм төрлийн диаграммыг нэг ажилчин хэд хэдэн машин, тоног төхөөрөмжийг ажиллуулах боломжтойг тодорхойлох үед ашиглах боломжтой. Ийм диаграммын нэг жишээг дараах зурагт харуулав. Ийм диаграмм нь ажилчид болон тоног төхөөрөмжийн ачааллыг маш тодорхой харуулдаг.
Ажил гүйцэтгэх боловсронгуй аргыг нэвтрүүлэх.
Санал болгосон өөрчлөлтийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд ийм өөрчлөлт хийх хэрэгтэй гэдгийг удирдагчид бүрэн хүлээн зөвшөөрөхийн хамт ажилчдад ч түүнийг сайн ойлгуулах хэрэгтэй. Өөрчлөлтийг хийх ажлын явцын талаар ажилчидтай сайн зөвшилцөж түүнийг байгууллагын өөрчлөн байгуулалтын төлөвлөгөөнд оруулж чадвал хэрэгжүүлэх ажил харьцангуй хялбар болдог. Харин шинжээч энэ ажлыг бүхэлд нь өөрийн нуруун дээрээ авбал энэ ажил харьцангуй хүндрэлтэй байна. Ер нь санал болгоод байгаа арга нь өмнөх ажлыг явуулж ирсэн аргуудаас эрс ялгаатай байвал ажилчдыг сургах шаардлага гарахаас гадна бүрэн өөрчлөхөд харьцангуй урт хугацаа шаардагдна. Гүйцэтгэлийн хяналт. Өөрчлөлтийг төлөвлөснөөрөө хийхийн тулд үйлдвэрлэлийн явцад тодорхой хугацаатай хяналт тавьж түүнийг хэрэгжүүлэгчтэй санал солилцож байх хэрэгтэй.
Хөдөлгөөнийг судлах
Хөдөлгөөнийг задлан шинжлэх гэдэг нь ажилчин үйлдвэрлэлийн тодорхой төрлийн ажилбарыг гүйцэтгэх үед ажилчны хийж байгаа хөдөлгөөнийг системтэйгээр судлах үйл явцыг хэлнэ. Ийм задлан цшинжилгээний зорилго нь үйлдвэрлэлийн процессийг дээд зэргийн үр ашигтай гүйцэтгэх дарааллыг тодорхойлох, хэрэггүй хөдөлгөөнүүдийг арилгахад чиглэгддэг. Иймээс хөдөлгөөнийг судлах нь бүтээмжийг дээшлүүлэх чухал арга болдог. Хөдөлгөөнийг судлах орчин үеийн практик Франк Гилбертийн ажлаас эхлэлтэй бөгөөд үүнийг бүр 20-р зууны үед тоосго өрөх ажил дээр анх хэрэглэжээ. Шилжилт, хөдөлгөөнийг судласнаараа Гилберт өөрөө тоосго өрөгч биш боловч нэг цагт өрөх тоосгоны хэмжээг 3 дахин нэмэгдүүлж чадсан. Шилжилт хөдөлгөөнийг судлах олон янзын аргыг ашиглан ажлыг гүйцэтгэх үр ашигтай аргыг тодорхойлж болно. Байнга хэрэглэгддэг аргуудад доорхи аргууд хамаарагдна.
1. Хөдөлгөөнийг судлах зарчмууд
2. Ажил аүйцэтгэх хөдөлгөөний үндсэн елементүүдийг судлах
3. Микрошилжилтүүпийг судлах
4. Диаграмм ба схемүүд
Гилбертийн ажил цаашдаа хөдөлгөөнийг судлах зарчмуудыг боловсруулах үндэс болсон төдийгүй үр ашигтай хөдөлмөрийн процессийг боловсруулахад удирдлага болон ашиглагдах болсон байна. Эдгээр зарчмууд биеийн ажиллах зарчим, ажлын байрыг зохион байгуулах зарчим, багаж хэрэгслэл, тоног төхөөрөмжийн загварчлах зарчмууд гэсэн 3 төрөлд хуваагддаг. Үүнийг хүснэгт 2-оор харуулав. Хөдөлгөөний хувьд үр ашигтай байх үүднээс судлаач ажил гүйцэтгэх аргыг боловсруулах үед дараах зүйлүүдэд анхаарлаа хандуулах хэрэгтэй.
1. Хэрэггүй хөдөлгөөнуудийг арилгах
2. Ажлын үйлдлүүдийг нэгтгэх
3. Ядаргааг аль болох багасгах
4. Ажлын байрны зохион байгуулалтыг сайжруулах
5. Багаж хэрэгслэл тоног төхөөрөмжийг загварыг сайжруулах
Терблиги- хөдөлгөөний үндсэн элемент. Терблиги гэдэг нэр томъёо бол Гилберт гэдэг үгийн буруу харуулж бичсэн хувилбар. Терблигийн зарчмын үндэс нь ажлыг маш жижиг бүрдэл хэсгүүдэд хувааж эдгээр элементүүдийг задлан шинжилж хэрэггүй заримыг арилгах замаар ажлын процессийг боловсронгуй болгоход оршино.
Жижиг хөдөлгөөнүүдийг бүгдийг багтаан ажлыг тодорхойлж бичих бол их нарийн төвөгтэй асуудал байдаг. Ялангуяа богино хугацаагаар байнга давтагдан хийгддэг хөдөлгөөнөөс бүрдсэн ажлыг тодорхойлж бичих илүү хүнд асуудал. Аж үйлдвэрийн психологич Франк Гилберт, түүний эхнэр Лилиан нар ажлын явцад хийгддэг хөдөлгөөнүүдийг судлах үед графкийн аргаар шинжилгээ хийх аргыг боловсруулсан бөгөөд түүнийг микро хөдөлгөөнийг судлах арга гэж нэрлэдэг байна. Энэ арга зөвхөн аж үйлдвэрт төдийгүй эмнэлэг, спортын салбар гэх мэтийн хүний үйл ажиллагааны олон салбарт хэрэглэгдэх боломжтой. Түүнчлэн маш хурдан хэмнэлтэй хийгддэг хөдөлгөөн ихтэй ажлуудыг судлах үед кино камер хэрэглэх илүү үр дүнтэй. Гэвч энэ арга харьцангуй өндөр өртөгтэй байдаг. Судлаачид хөдөлгөөнийг судлах, түүний бичлэгийг хийх хэрэгслэл болгон ихэвчлэн график, диаграмм өргөн хэрэглэдэг. Түүнээс гадна гарын нэг зэрэг хийгддэг хөдөлгөөнийг судлахад хийгддэг хөдөлгөөний хүснэгтийг ашигладаг. нэг зэрэг
Ажлын нөхцөл
Ажлын нөхцөл бол хөдөлмөрийн явцын төлөвлөлтийн чухал асуудал юм. Температур, чийглэг, агааржуулалт, гэрэлтүүлэг, өнгө будаг гэх мэтийн бодит хүчин зүйлүүд хөдөлмөрийн явцад нөлөөлдөг.
Температур ба чийглэг. Хэдийгээр хүний бие организм харилцан адилгүй температурын нөхцөлд ажиллах боловч хүний хөдөлмөрийн үйл ажиллагаанд маш их сөрөг нөлөө үзүүлж болдог. Гэхдээ нааштай нөлөө үзүүлэх температурын нөхцөлийн хязгаар ажлын хүнд хөнгөнөөс их хэмжээгээр хамаарна. Конторт агаарыг халаах, хөргөх үйл явц үйлдвэрийн газар, болон бусад ажлын байрыг бодоход хялбар шийдвэрлэгддэг. Жишээ нь хэт өндөр таазтай байранд халуун агаар дээшээ хөөрч халаалтанд зохих хэмжээний муу нөлөө үзүүлдэг бол хаалга нь байнга онгорхой байдаг ачаа шилжүүлэх тээвэрлэх тээврийн хэрэгслэлийн байнгын хөдөлгөөнтэй байранд тогтмол дулаантай байхад хэцүү. Ийм үед ажлын тусгай хувцасаар хангах замаар энэ асуудлыг шийдвэрлэх боломжтой.
Чийглэг. Чийглэг нь ажлын таатай орчинг бий болгоход чухал нөлөө үзүүлдэг. Гэвч температурын хэмжээ чийглэгээс ихээхэн хамаардаг. Учир нь хүмүүс их чийглэг орчинд температурт илүү мэдрэмхий байдаг.
Агааржуулалт. Орчны таагүй муухай, хортой үнэр, ажилчдад аюултай. Түүнчлэн утаа, тоос шороог агаараас тодорхой хугацаагаар зайлуулахгүй бол амьсгалахад хүндрэлтэй байдаг. Иймд агаарыг байнга шинчилж байхын тулд салхилуулах тусгай төхөөрөмжөөр хангадаг. Гэрэлтүүлэг. Гэрэлтүүлгийн түвшин бас ажлын төрлөөс ихээхэн хамаардаг. Нарийн ажил гүйцэтгэх тусам гэрэлтүүлэг сайтай байх хэрэгтэй. Түүнчлэн хэт хурц гэрэл бас муу.
Гэрэлтүүлэгт өдрийн цагаар байгалийн гэрлийг ашиглагддаг. Энэ нь хямд төсөр байдгаас гадна сэтгэл зүйн хувьд ч давуу талтай байдаг. Цонхгүй өрөөнд ажилчид удаан хугацаагаар ажиллах үед гадаад орчноос тасарсан мэт санагдаж сэтгэл зүйн таагүй байдалд орох нь их байдаг. Нөгөө талаас байгалийн гэрэлтүүлгийг өөрөөр хэлбэл гадаа бүрхэг байгаа эсвэл нартай халуун байгааг мэдрэх, хянах ямар ч боломжгүй болдог.
Өнгө. Өнгөний шийдэл ажлын явцыг төлөвлөхөд онцгой ач холбогдолтой. Өнгө хоёр шинжтэй. Нэг нь өнгө хүний сэтгэл хөдлөлд нөлөөлдөг. Хоёрдахь шинж бол объектуудыг бие биенээс нь ялгах үндэс болдог. Ихэнхи тохиолдолд сэтгэл зүй, сэтгэл хөдлөлд нөлөөлдөг. Янз бүрийн өнгөний зарим шинжийг авч үзье. Улаан өнгө бүлээн дулаан мэдрэмж төрүүлдэг, идэвхийг илэрхийлдэг, харагдац сайтай өнгө.
Шар өнгө мөн харагдац сайтай, эр зориг, шинэлэг мэдрэмж өгдөг өнгө.
Цэнхэр өнгө харагдац муутай, хүйтэн мэдрэмж төрүүлдэг, ажиллах санааг идэвхижүүлдэг өнгө.
Ногоон өнгө мөн харагдац муутай, тайвшруулах, сулруулах үйлчилгээтэй өнгө.
Хүрэн өнгө байгалийн өнгө. Газар шорооны өнгийг санагдуулдаг, тайван байдлыг илэрхийлдэг, харагдац муутай өнгө.
Улаан шаргал өнгө маш өндөр харагдацтай, бусдаас илүү их анхаарал татдаг, хүмүүсийг идэвхижүүлж, дулаан мэдрэмж өгдөг өнгө.
Өнгө нь ажлын шинж чанарт тохирсон уур амьсгал, сэтгэл хөдлөлийг бий болгодог тул ажлын явцыг төсөвлөгчид түүнийг зайлшгүй харгалзах чухал хүчин зүйл гэж үздэг. Жишээ нь, улаан өнгийг эмнэлэгт хэрэглэхийг хориглодог бол ногоон өнгийг хэрэглэхийг зөвлөдөг. Хурц өнгөөр илүү их бүтээмжтэй ажиллахыг уриалсан газар будах хэрэгтэй байдаг. Тайван уур амьсгалыг төрүүлэх шаардлагатай газар хүрэн өнгийг, чимээгүй орчинд оюуны хөдөлмөр эрхлэдэг газар цэнхэр болон хөх цэнхэр өнгийг хэрэглэх жишээтэй. Өнгө бас аюулгүй болон аюултай орчинг тэмдэглэхэд өргөн хэрэглэгддэг. Жишээ нь, улаан өнгөөр гал түймрийн эсрэг хэрэглэгддэг тоног төхөөрөмж, шатахуун хадгалдаг сав, аюул гарахаас сэргийлэхийг анхааруулсан тэмдэг, аваарын дохио өгдөг хэрэгслэлүүдийг будсан байдаг. Шар өнгийг урьдчилан сэргийлэх, болгоомжлох зорилготой тэмдэглэгээнд өргөн хэрэглэдэг. Шатны хашилт, явган замыг ялгах, өнцөг дээрхи тэмдэглэгээнд шар өнгө их хэрэглэгддэг. Мөн харагдац сайтай байдаг ажил, хүнд тоног төхөөрөмж, сургуулийн хүүхэд зөөдөг автобус, ачаа зөөгч төхөөрөмжүүд ихэвчлэн шар өнгөтэй байдаг. Цэнхэр өнгийг хяналтын хэрэгслэлүүд, ус дамжуулах хоолой заримдаа цэнхэр өнгөтэй байдаг. Ногоон өнгө аюулгүй бүс, аврах төхөөрөмжүүдийг тэмдэглэхэд өргөн хэрэгдэгддэ. Чернилэн ягаан өнго цацраг идэвхийн аюулыг харуулахад ихэвчлэн хэрэглэгднэ. Улаан шаргал өнгө тоног төхөөрөмжийн аваар ихтэй хэсгийг харуулах, аваарын дохио өгөх товч, гаруудыг тэмдэглэсэн байдаг. Цахилгаан дамжуулах утсыг кодлоход мөн өнгийг ашигладаг.
Дуу чимээ ба доргилт. Дуу чимээ, шуугиан бол хэрэггүй, хүсэшгүй зүйл. Дуу чимээ нь машин механизм, тоног төхөөрөмжийн ажиллах үеийн доргилт болон олон хүн ажиллах үед их гардаг. Дуу чимээ нь хүмүүсийг стресст оруулж анхаарал төвлөрүүлэхэд нь муугаар нөлөөлдөг тул осол гарах үндэс болдог. Дуу чимээний түвшинг хянахын тулд түүнийг хэмждэг. Шинээр хийх гэж байгаа ажлын явцыг төсөвлөх үед тоног төхөөрөмжийн төрөл, тэдгээрийг байршуулах асуудлыг оновчтой шийдвэрлэх нь дуу чимээг багасгахад ихээхэн нөлөөлдөг. Зарим тохиолдолд их дуу шуугиан гаргадаг эх үүсвэрийг бусад ажлын байраас тусгаарлах хэрэгтэй байдаг. Ийм боломж байхгүй бол дуу шингээх хана, тааз ашиглаж болно. Мөн тусгай хамгаалах хэрэгслэл хэрэглэж болно.
Доргилт бол бие даасан хүчин зүйл. Шуугиан гарахгүй үед ч доргилт үүсч болно. Үүнийг багасгахын тулд зөөлөвч, резинин подушка хэрэглэж болно.
Ажлын түр зуурын ба цайны завсарлага. Завсарлагын давтамж, үргэлжлэх хугацаа, завсарлага авч байгаа хугацаа хөдөлмөрийн бүтээмж ба бүтээгдэхүүний чанарт маш их нөлөөлдөг. Ер нь ажлын үр ашиг өдрийн туршид буурах хандлагатай байдаг. Үр ашгийг бууруулахад нөлөөлдөг нэг гол хүчин зүйл бол тодорхой ажлыг хийхэд шаардагдах биеийн ба оюуны хүч зарцуулалт юм. Жишээ нь, метал хайлуулах үйлдвэрт ажилчид маш хүнд хөдөлмөр хийдэг тул цаг тутамд 15 минут завсарлаж амрах шаардлагатай байдаг. Тэхдээ завсарлах шалтгаан бол зөвхөн биеийн хүч зарцуулах явдал биш. Өндөр технологиор бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэрт завсарлага бага шаардагддаг. Харин сургуулийн сурагчид болон оюутнуудад зайлшгүй завсарлага хэрэгтэй байдаг.
Аюулгүй байдал. Ажлын явцын төлөвлөлтийн зорилго нь аюулгүй ажиллагааг хангах явдал юм. Энэ асуудал удирдлагууд, төсөл зохиогчдын байнгын анхааралд байдаг. Аваар осол ихтэй үйлдвэрт ажилчид ажиллах дургүй бүтээмж бага байдаг. Ажил олгогчийн зүгээс ч аваар осол их байвал байнгын таагүй байдалд орохоос гадна зардал ч их гаргадаг. Түүнчлэн осол их байх тусам тоног төхөөрөмжижийг эвдрэлд оруулж, бүтээгдэхүүний гологдол гаргахад хүргэдэг. Үүнээс болж ажил зогсдог. Азгүй тохиолдлуудын шалтгаан. Хоёр үндсэн шалтгаан байдаг. Нэг нь ажилчин өөрөө болгоомжгүй байх, нөгөө нь зөвтгөж боломжгүй эрсдэл. Ажилчны болгоомжгүй байдлаас үүсэлтэй азгүй тохиолдлуудад автомашиныг маш өндөр хурдтайгаар жолоодох, бүрэн бус машинтай замд гарах, хамгаалалтын хэрэгслэл ашиглахгүй байх, аюулгүй ажиллагааны дохиоллыг үл ашиглах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахгүй байх, аюултай нөхцөлд ажиллах гэх мэт. Аюулгүй ажиллагааг хангахын тулд хангалттай хэмжээний гэрэлтүүлгээр хангах, өндөр аюултай бүсийг ялгаж тэмдэглэх, хамгаалалтын хэрэгслэлүүдийг (комбинзон, хорт хийнээс хамгаалах баг, чихний хамгаалагч, бээлий, ажлын гутал гэх мэт) ашиглах, аваарийн тоног төхөөрөмж (гал унтраагч, галын гарц ашиглах гэх мэт.) ашиглах, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангах зааварчлага өгөх зэрэг арга хэмжээнүүдийг авч байх шаардлагатай. Аюулгүй ажиллагааны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд удирдлага болон ажилчид нягт хамтран ажиллах шаардлагатай. Үүний тулд ажилчдыг аюулгүй ажллагааны сургалдтанд хамруулах хэрэгтэй. Харин удирдлагын зүгээс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хөрөнгө зарцуулж аваарийн төхөөрөмжүүдийг ашиглахыг сануулж байх хэрэгтэй. Мөн тэмдэг, анхааруулсан тэмдэглэгээг өргөн ашиглах хэрэгтэй. Жишээ нь, "Болгоомжтой бай", "гүйж болохгүй", "бээлийгээ хий" гэх мэтийн сануулга ил харагдахуйц газар бичиж тавьж болно.
Шинжлэх ухааны үүндэслэлтэй хөдөлмөр зохион байгуулалт
Үйлдвэрлэл, үйл ажиллагааны менежмент нь шинжлэх ухааны үндэслэлтэй хөдөлмөр зохион байгуулалтгүйгээр үр ашигтай хөгжиж чадахгүй. Шинжлэх ухааны үндэслэлтэй хөдөлмөр зохион байгуулалт нь орчин үеийн түвшин дэхь үйлдвэрлэлийн менежментийн салшгүй бүрэлдэхүүн хэсэг мөн. Шинжлэх ухааны хөдөлмөр зохион байгуулалт нь шинжлэх ухаан, технологийн ололт, тэргүүн туршлагад тулгуурладаг.
Зохион байгуулалт гэдэг нь аливаа асуудлыг эмх цэгц, дотоод сахилга бат, эв нэгдэлтэй, урьдаас сайтар бодож боловсруулсан төлөвлөгөөтэйгээр хэрэгжүүлэхийг хэлнэ. Товчоор хэлбэл, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийн тулд нэгж бүтээгдэхүүнд хамгийн бага дундаж зардал гарган ажиллах хүч, машин, тоног төхөөрөмжийг тодорхой орон зай, цаг хугацаанд үр ашигтай, оновчтой хослож ашиглах аргуудын нийлбэрийг шинжлэх ухааны үндэслэлтэй хөдөлмөр зохион байгуулалт гэнэ. Шинжлэх ухааны үүндэслэлтэй хөдөлмөр зохион байгуулалт нь хоорондоо уялдаа холбоо бүхий эдийн засаг, физиологи сэтгэл зүй, нийгмийн дараах зорилтыг шийдвэрлэхэд чиглэгддэг. Эдийн засгийн зорилт нь машин, тоног төхөөрөмж, түүхий эд материалыг бүрэн ашиглаж, бүтээмжийн дээшлэлтийг хангахтай холбоотой.
Физиологи сэтгэл зүйн зорилт нь ажиллагсдын эрүүл мэнд, тэдний ажиллах чадварыг хамгаалах, үйлдвэрлэлийн тааламжтай нөхцлийг буй болгохыг шаарддаг.
Нийгмийн зорилт нь хөдөлмөрийн нөхцөл, үр дүнг дээшлүүлэхэд чиглэгддэг. Шинжлэх ухааны үндэслэлтэй хөдөлмөр зохион байгуулалтыг өргөн утгаар нь авч үзвэл дараах асуудлуудыг багтаасан ойлголт юм. Үүнд:
1. Хөдөлмөрийн чадвартай хүмүүсийг хөдөлмөрт татан оролцуулж, хөдөлмөрийн хамт олныг бүрдүүлж буй болгох.
2. Ажиллах хүч, машин тоног төхөөрөмжийг үйлдвэрлэлийн дотоод нэгж, хэсгүүдээр хуваарилж, тэдгээрийн хооронд зөв тэнцвэрт харьцаа тогтоох.
3. Хөдөлмөрийн хуваарь, хоршооллын оновчтой хэлбэрийг тогтоож хэрэглэх.
4. Мэргэжилтэй боловсон хүчнийг сонгож авах, тэдний мэргэжлийг дээшлүүлэх. 5. Ажлын байр, хөдөлмөрийн үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах.
6. Ажилчдын амрах, хөдөлмөрлөх горим, үйлдвэрлэлийн ариун цэвэр, эрүүл ахуй, гоо зүйн нөхцлийг зохистой болгох.
7. Материалын хийгээд сэтгэл санааны урамшууллыг зөв хослуулах.
Хөдөлмөрийг нормчлох, хөдөлмөр, технологийн сахилга батыг мөрдөх, шударга 8 өрсөлдөх зэрэг асуудлууд багтана.
Эдгээр асуудлын хүрээнд шинжлэх ухааны хөдөлмөр зохион байгуулалтыг оновчтой болгох үндсэн чиглэлийг тодорхойлж хэрэгжүүлдэг.
Шинжлэх ухааны хөдөлмөр зохион байгуулалтын чухал бүрэлдэхүүн хэсэг нь хөдөлмөрийн хуваарь, хоршоолол юм. Хөдөлмөрийн хуваарь, хоршооллын хэлбэрийг боловсронгуй болгохгүйгээр машин, тоног төхөөрөмж, ажиллах хүчнийг үйлдвэрлэлийн нэгдмэл үйл ажиллагаанд зөв хуваарилан байрлуулж, хүмүүсийн бүтээлч үйл ажиллагаar шинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгуулах боломжгүй.
Хамтын хөдөлмөрийн процесст хүмүүсийн үйл ажиллагааг нарийн зааглаж оролцуулахыг хөдөлмөрийн хуваарь гэнэ. Үйлдвэрийн газрууд дахь хөдөлмөрийн хуваарь нь бүтээмжийг дээшлүүлэх, төрөл бүрийн ажлыг хугацаанд нь биелүүлэх замаар үйлдвэрлэлийн үргэлжлэх хугацааг багасгахын тулд хөдөлмөрийн тодорхой үйл ажиллагааг хэсэгчлэн гүйцэтгүүлэхийг хэлнэ.
Тодорхой гүйцэтгэгчийн хооронд ажил үүргийг ийнхүү нарийн зааглаж хуваарилах нь хүмүүс ажлын дадал дүй түргэн эзэмших, бүтээгдэхүүний нийт гаргалтыг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой. Гэвч хөдөлмөрийн хуваарийн үндсэн дээр материал, түүхий эд, технологийн тодорхой дэс дарааллыг дамжин боловсрогдох боловч хөдөлмөрийг хошрихгүйгээр бэлэн бүтээгдэхүүн болж чадахгүй. Иймд хөдөлмөрийн хуваарь, хоршилтыг хослон хэрэглэхийг шаарддаг. Хоршилтын зорилт нь машин техник, ажиллах хүчийг үйлдвэрлэлийн явцад оновчтой нэгтгэж, тэдний ажил төрлийн уялдааг зөв зохицуулахад оршино. Хөдөлмөрийн хуваарь, хоршилт хоорондоо салшгүй холбоотой, харилцан бие биенээ нөхдөг үйлдвэрлэлийн менежментийн хоёр тал юм. Хоршилтын хэлбэр нь бизнесийн аль ч салбарт бүлэг, баг буюу бригад байдаг. Хөдөлмөрийн энгийн ба нарийн хоршоолол гэсэн хоёр төрөл байдаг.
Өнгөрсөн 10 жилийн хугацаанд үйл ажиллагаа нь давталттай явагдах шинж чанар бүхий үйлдвэрүүдэд олны анхаарлыг татсан нэгэн шинэ хандлага гарч ирсэн билээ. Энэхүү хандлагыг Яг цагт нь систем (Just-in-time) гэж нэрлэдэг бөгөөд шаардлагатай бараа материалын боломжит бага хэмжээ, дээд зэргийн чанар, хамтын ажиллагааг хангах замаар үйлдвэрлэлийн алдагдал, үр ашиггүй байдал зэргийг арилгахад чиглэгдсэн хандлага юм. Энэхүү бүлэгтээ бид энэ хандлагын үндсэн элементүүд уг системийг амьдралд хэрэгжүүлэхтэй холбоотой үзэл баримтлал, түүний үр ашиг, үүсэх бэрхшээл зэргийг авч үзэх болно.
Яг цагт нь систем, түүний элементүүд
Яг цагт нь системийг Японы Тоёото Мотор компанийн Таичи Охно нь хамт ажилладаг хүмүүстэйгээ хамтран анх боловсруулсан. (Үүний дараахан тэрээр үйлдвэрлэл хариуцсан дэд захирал болсон байна.) Япон улсын хүн амын их нягтаршил, байгалийн нөөц бага зэрэг нөхцлүүд яг цагт нь системийг үүсгэн хөгжүүлэх үндэс нь болсон байна. Бараа материалын үлдэгдэл их байх, гологдол гаргах, түүнийг дахин засварлах ажиллагааг
Япончууд асар их алдагдлын голомт гэж үздэг. Яг цагт нь гэдэг нэр томьёо нь тухайн үйл ажиллагаа нь (хувиргах процесс, бараа материалын шилжүүлэлт гэх мэт) яг шаардлагатай үедээ хийгддэг үйлдвэрлэлийн системд хамааралтай байдаг. Энэ системийн үед материал, түүхий эд нь маш бага хэмжээтэй байдаг бөгөөд үйл ажиллагаа нь "гараас гар руу" гэсэн хэлбэртэйгээр явагддаг.
Яг цагт системийн гол зорилго нь үйлдвэрлэлийн тэнцвэрт ажиллагааг хангах өөрөөр хэлбэл бараа материалын тоог боломжит бага хэмжээнд нь байлгаж, үйлдвэрлэлийн системийн дотор материалын байнгын жигд, урсгалыг бий болгоход оршино.
Энэ зорилгыг хэрэгжилт дараах зорилтуудын хэрэгжилтээс ихээхэн хамаарна. Үүнд:
1. Гологдлыг арилгаж үйлдвэрлэлийн хэвийн ажиллагааг хангах
2. Системийн уян хатан ажиллагааг хангах
3. Үйлдвэрлэлд бэлтгэх болон үйлдвэрлэлийг явуулах ерөнхий хугацааг богиносгох хүргэх
4. Материалын нөөцийг боломжит бага хэмжээнд 5. Үндэслэл багатай зардлуудыг бууруулах
Яг цагт нь системийн үндсэн элементүүдэд:
1. Үйлдвэрлэлийг тогтвортой, жигд явуулах
2. Цөөн төрлийн бараа материалтай байх
3. Бага хэмжээний бараа материалын нөөцтэй байх
4. Хурдан шуурхай, хямд зардал бүхий бэлтгэл ажлууд
5. Үйлдвэрлэлийн нэгжийн зохион байгуулалт
6. Урьдчилан сэргийлэх, засварын ажил
7. Чадварлаг ажилчидтай байх
8. Чанарын өндөр түвшин
9. Хамтач уур амьсгал
10 . Найдвартай түншүүд
11. Бараа бүтээгдэхүүнийг хүлээн авах систем
12. Үүсэн бий болсон бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэх
13. Байнгын сайжруулалт гэсэн элементүүд ордог.
Үйлдвэрлэлийн хэмжээг тогвортой байлгах. Үйлдвэрлэлийн яг цагт нь систем нь бараа материалыг нийлүүлэгчээс нь хүлээн аваад эцсийн бүтээгдэхүүн болгох хүртэлхи бүхий л үйл ажиллагааг тасралтгүй явуулахын тулд үйлдвэрлэлийн систем дотор тэдгээрийг зөөх, шилжүүлэх урсгалыг жигд, тогтвортой болгохыг шаарддаг. Тиймээс бүх ажилбаруудыг нарийн зохион байгуулах учиртай. Учир нь Яг цагт нь системийн үед сул зогсолт маш бага байх ёстой. Тиймээс үйлдвэрлэлийн нэгдсэн хуваарийг гаргахдаа үйлдвэрлэлийн болон бараа материалыг худалдан авах хуваарийг харгалзаж үздэг. Хэрвээ төлөвлөгөөг нэгэнт хийж, хуваарь гаргасан бол өөрчлөлт хийж болохгүй. Учир нь энэ системийн үед уламжлалт үйлдвэрлэлтэй адил системд гарсан гажуудлыг залруулахад шаардагдах бараа материалын илүүдэл нөөц байдаггүй.
Цөөн төрлийн бараа материалтай байх. Хэрвээ үйлдвэрлэлийн процесст цөөн төрлийн бараа материал ордог бол яг цагт системийг нэвтрүүлэх боломж их байдаг. Тиймээс яг цагт нь системийн нэг онцлог шинж бол худалдан авч буй бүрдэл хэсгүүд, түүхий эд, үйлдвэрлэлийн процесс дахь ажил болон бэлэн бараа бүтээгдэхүүний төрөл цөөн байдагт оршино.
Бараа материалын нэр төрөл цөөн байх нь гурван давуу талтай. Үүний 2 нь яг цагт нь системийн өөрийнх нь давуу талтай холбоотой. Нөгөө нэг нь яг цагт нь системийг нэвтрүүлэх шаардлагатай холбоотой. Цөөн төрлийн бараа материалын нөөцтэй байхын гол давуу тал бол агуулахын болон ажлын байрны тоог хэмнэдэг. Түүнчлэн шаардлагаггүй илүүдэл бараа материалуудад илүү зардал дараах зүйлтэй холбооотой. Хоёр дахь давуу тал нь Олон тооны, олон төрлийн бараа материал ашиглаж байгаа үед үйлдвэрлэлийн явцад гардаг бэрхшээлтэй асуудлууд нуугдмал байдаг. Цөөн тооны бараа материалтай үед үйлдвэрлэлийн яг ямар дамжлага дээр ямар төрлийн саатал гарч байна вэ? гэдгийг мэдэх боломжтой. Их хэмжээний бараа материалтай байх үед орон зай их эзлэхийн зэрэгцээ их хэмжээний зардлыг шаардаж, үйлдвэрлэлийн бэрхшээлтэй, доголдолтой зарим нэг асуудлууд анзаарагдахгүй, шийдвэрлэж чадалгүй орхигддог.
Үүнийг тайлбарлахын тулд нэгэн зүйрлэл авъя. Голд завиар хүмүүс сэлүүрдэж байна гэж саная. Голын усны түвшин өндөр байх тусам голын усны гүнд байгаа том том хад, чулуунууд харагдахгүй. Энэхүү голын усан дотор байгаа том том хад чулууг үйлдвэрлэлд бэрхшээл үзүүлэгч саад тотгор гэж зүйрлэж болно. Учир нь завь энэхүү хадыг мөргөх юм бол цоорч, хүмүүс голд живнэ. Харин усыг аажмаар багасгавал тэдгээр том чулуунууд усны мандалд ил гарч тэдгээрийг зайлуулснаар (үйлдвэрлэлийн бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлээд) тайван аялах боломжтой болно.
Яг цагт нь системийн гурав дахь чухал давуу тал нь түүний үндсэн шаардлагатай холбоотой. Үүсч болох бүхий л асуудлуудыг шийдвэрлэж байж, цөөн тооны бараа материалтай байх боломж бүрдэнэ.. Тиймээс тодорхой хугацааны турш асуудлуудыг үр дүнтэй, амжилттай шийдвэрлэснээр цөөн тооны бараа материалын нөөцөөр үйлдвэрлэлийг явуулах боломжтой болно. Үйлдвэрлэлийн бүхий л бэрхшээлтэй асуудлуудыг илрүүлж, шийдвэрлэж чадвал шинэ бэрхшээл гарахаас сэргийлж, үйлдвэрлэлийг явуулах боломжтой болно.
Бага хэмжээний бараа материалтай байх. Яг цагт нь системийн нэг шинж бол үйлдвэрлэлийн процесст байгаа болон нийлүүлэгчээс нийлүүлж буй бараа материалын тоо хэмжээ нь бага байдагт оршино. Бараа материалын бага нөөцтэй байх нь хэд хэдэн давуу талтай. Бага нөөцтэй байх нь тээвэрлэлт, хадгалалтын зардлыг бууруулдаг. Бага хэмжээний бараа материалын нөөцтэй байхын өөр нэг давуу тал бол ажлын байранд замбараагүй байдал бий болдоггүй. Гурав дахь давуу тал бол чанартай холбоотой бэрхшээлүүд гарах үед хянах ба засварлах ажлын зардал бага байдаг. Яагаад гэвэл хяналт тавих, засварлах ажилбаруудын тоо маш цөөн байх болно.
Бага хэмжээний бараа материал нь ажлын хуваарийг гаргах үед маш уян хатан байдлыг бий болгодог. Ихэнхи уламжлалт үйлдвэрлэлийн системүүдийн хувьд бүтээгдэхүүн, түүний дэд хэсгийг үйлдвэрлэх явц нь, их урт удаан байсан. Энэ нь бүтээгдэхүүн бий болох мөчлөгийг уртасгадаг. Харин Яг цагт нь системийн хувьд, бараа материалыг бага хэмжээгээр хэрэглэж- үйлдвэрлэлийн хуваарийг гаргахад уян хатан хандах боломжтой байдаг. Хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ өөрчлөгдөх үед хурдан шуурхай хариу үйлдэл хийх боломж олгодог. Энэ утгаараа Яг цагт нь систем нь яг хэрэгтэй, шаардлагатай болсон үед нь үйлдвэрлэдэг. Яг цагт нь системийн үед бараа материалыг боломжит хамгийн бага хэмжээнд байлгах нь эрхэм зорилт биш боловч бараа материалын хэмжээг аль болох багасгах нь маш олон давуу талыг бий болгодог.
Хурдан шуурхай, хямд зардал бүхий бэлтгэл ажлууд. Олон төрлийн бүтээгдэхүүнийг бага хэмжээтэй нэр төрөл үйлдвэрлэж байгаа үед яг цагт нь системийг нэвтрүүлэх, бэлтгэл ажлуудыг сайн хангасан байх хэрэгтэй. Эдгээр нь шуурхай бөгөөд зардал багатайгаар үйлдвэрлэл явуулах боломж олгодог. Ихэвчлэн ажилчид өөрсдийн бэлтгэлийг өөрсдөө хангах шаардлагатай. Энэхүү бэлтгэл ажлын хугацаа, түүнд гарах зардал бага байх нь зорьж буй үр дүнд хүрэхэд түлхэц болдог.
Бэлтгэл хангахад шаардлагатай тоног төхөөрөмж болон бэлтгэл ажлын үйл явц нь энгийн бөгөөд стандартчлагдсан байх учиртай. Олон янзын зориулалтаар хэрэглэгддэг тоног төхөөрөмжүүд нь бэлтгэл хангах хугацааг багасгадаг. Түүнчлэн үйлдвэрлэлийн хөрвөх чадвар бүхий технологитой үед үйлдвэрлэлийн адил төстэй үйл ажиллагаануудыг - дахин төлөвлөх шаардлага гардаггүй тул үйлдвэрлэлийн сайн технологи нь бэлтгэл хангах зардал ба хугацааг хэмнэдэг. Жишээлбэл: бүтээгдэхүүний ижил төстэй дэд хэсгүүд нь (хэлбэр, материалын хувьд ижил төстэй гэх мэт) адил төстэй бэлтгэл ажилтай байдаг.
Үйлдвэрлэлийн нэгжийн зохион байгуулалт. Уламжлалт үйлдвэрийн газрууд өрөмдөх тасаг, хайчлах тасгуудыг тус тусад нь зохион байгуулдаг байсан. Тиймээс уламжлалт үйлдвэрлэлийн системийн үед их хэмжээтэй бүтээгдэхүүнийг нэг тасгаас нөгөө боловсруулах тасаг руу шилжүүлж байдаг тул хүлээлт бий болж сул зогсолт их гардаг байсан. Түүнчлэн энэ үед үйлдвэрлэлийн үйл ажиллагаан дахь бараа материалын тου хэмжээ их байдаг.
Яг цагт нь систем нь ажлын байрууд болон тоног төхөөрөмжүүдийн байршлыг бүтээгдэхүүнийг нэг шугамаар дамжлагаар үйлдвэрлэхээр зохион байгуулдаг. Иймд бүтээгдэхүүнийг шилжүүлэхэд гарах зардлыг хэмнэх боломж олгодог. Улмаар хүлээлт сул зогсолтыг арилгаснаар дамжлага, ажлын байрнуудад илүүдэл бараа материалыг байлгах шаардлагагүй болдог. Үүнээс гадна бараа материалыг бэлэн байлгахад гарсан зардлыг бууруулж, орон зайг хэмнэдэг. Энэ тохиолдолд үйлдвэрийн газар нь цомхон, илүү YP ашигтай байж, үйлдвэрлэлийн бүхий л машин тоног төхөөрөмжүүд зэрэг ажиллаж, - ажилчдын харилцаа холбоо сайжирдаг.
Урьдчилан сэргийлсэн бэлтгэл ажил, засварын ажил. Яг цагт нь системийн үед үйлдвэрлэлийн үйл явц дахь бараа материалын тоо хэмжээ нь маш бага байдаг учир тоног төхөөрөмжийн эвдрэл нь үйл ажиллагааг зогсоход хүргэдэг аюултай. Тоног төхөөрөмжийн эвдрэлийн тоог багасгахын тулд компаниуд урьдчилан сэргийлсэн бэлтгэл ажлын хөтөлбөрийг боловсруулдаг. Ийнхүү хөтөлбөр боловсруулснаар эвдэрч болох тоног Төхөөрөмжийг төлөвлөсөн ажлыг нураахаас нь өмнө солин өөрчилж, үйл ажиллагааны хэвийн нөхцлийг бүрдүүлж өгдөг.
Урьдчилан сэргийлсэн бэлтгэл ажлыг явуулсан ч гэсэн зарим үед эвдрэл гарах явдал тохиолдоно. Иймээс энэ гэнэтийн осол гарахаас болгоомжилж эгзэгтэй, эвдэрч болохуйц тоног төхөөрөмжүүдийн сэлбэг, нөөцийг бэлэн байлгаж, ослын үед ажиллах тусгай засварын цөөн хэдэн хүнийг бэлтгэн сургах ажлыг зохион байгуулан явуулах шаардлагатай,
Чадварлаг ажилчидтай болох. Уламжлалт үйлдвэрлэлийн ситемүүдийн үед маш олон мэргэжлээр бэлтгэгдсэн, олон төрлийн ажил гүйцэтгэх ур чадвартай ажилчдын шаардлага байсангүй. Жишээлбэл, зарим ажилчид нэг машин, тоног төхөөрөмж дээр ажиллах, нөгөө нэг нь төлөвлөгөө боловсруулах, нөгөө хэд нь, засварын ажил хийх зэргээр бэлтгэгдсэн байдаг байсан. Харин яг цагт нь системийн үед дээрхи бүх мэргэжил, ур чадварыг хослуулан эзэмшсэн, олон төрлийн ажилгүйцэтгэх чадвартай ажилчидтай байдгаараа онцлогтой байдаг. Гэхдээ ажилчид мэргэжил бүрийг нарийн эзэмшсэн байх естой биш юм. Засвар хийх төлөвлөгөө зохиох наад захын ажлуудыг хийх чадвартай байна гэсэн үг.
Энэхүү яг цагт нь системийн үед ажилчид нь үйлдвэрлэлийн олон төрлийн үйл ажиллагааг гүйцэтгэх чадвартай байдаг тул аль нэг ажилчин байхгүй үед бусад ажилчид түүний хийх ажлыг гүйцэтгэх боломжтой болдог.
Түүнчлэн ажилчид өөрийн гүйцэтгэсэн ажилдаа төдийгүй өмнөх дамжлагаас хүлээн авсан бүтээгдэхүүний чанарт хяналт тавьж чаддаг. Ажилчид олон ажил хийх чадвартай байдаг тул үүссэн бэрхшээлийг шийдвэрлэхэд биеэр оролцдог. Гэвч ажилчдаар олон ажил гүйцэтгүүлэх нь мөн дутагдалтай талуудтай. Энэ үед маш чадварлаг, мэргэшсэн ажилчидтай байхын тулд тэдгээрийг сургахад ихээхэн зардал гаргаж түүнд хугацаа зарцуулах хэрэгтэй. Нөгөө талаас ажилчид ачаалал ихтэй байгаагаас дээрхи ур чадварыг эзэмшихээс татгалзах явдал гарч болно. Ахмад ажилчидын хувьд сургалтанд хамрагдсаны дараа тэдэнд үр ашгаа өгөх хугацаа нь залуу ажилчдыг бодоход богино байх тул тэд сургалтанд хамрагдахаасаа илүү эрт тэтгэвэртээ гарахыг эрхэмлэдэг байна. Тиймээс тухайн компани нь ажилчид ямар төрлийн ажлыг хавсран хийх дадал дүй эзэмшүүлэх нь илүү ач холбогдолтойг тодорхойлох нь чухал. Ер нь яг цагт нь системийг үр ашигтай нэвтрүүлэхийн тулд боловсон хүчний бодлогод маш их анхаарал тавих хэрэгтэй. Боловсон хүчний бодлогын нэг үндсэн элемент бол ажиллах хүчийг маш идэвхитэй капитал гэж үзэх явдал юм. Үнэхээр ч маш сайн бэлтгэгдсэн ажилчдыг сайн идэвхижүүлж чадвал үнэхээр идэвхитэй капиталын үүрэг гүйцэтгэдэг.
Чанарын өндөр түвшин. Яг цагт нь систем нь чанарыг маш өндөр түвшинд хүргэхийг шаарддаг. Яг цагт нь систем нь ажлын дамжлага бүр дээр тогтвортой жигд урсгалыг бий болгодог бөгөөд чанар муугаас үүдэн гарсан бэрхшээл нь энэхүү жигд урсгалыг сааталд оруулдаг. Бараа материалын хэмжээ бага байдаг, үйлдвэрлэлийн явцад бараа материалын нөөц байдаггүй учир хэрвээ ямарваа нэгэн бэрхшээл гарах юм бол уг асуудал шийдэгдтэл бэлэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл тасарч, зогсох болно. Тиймээс үйлдвэрлэлийн бүхий л үйл явц тэр чигтээ зогсож, төлөвлөсөн бүтээгдэхүүний гарц буурна. Ийм учир энэхүү саатлаас зайлсхийж, бэрхшээл гарах юм бол түүнийг хурдан шуурхай шийдвэрлэх учиртай.
Яг цагт нь систем нь чанарын асуудлыг шийдвэрлэх 3 шатат аргыг хэрэглэдэг. Эхний шатанд бүтээгдэхүүн болон үйлдвэрлэлийн ажиллагааг төсөвлөх үед чанарыг стандартчилдаг. Яг цагт систем нь бүтээгдэхүүнийг стандарталчилж, үйлдвэрлэлийг явуулах аргыг мөн стандартчилж, хүмүүс ажлаа стандартын дагуу стандартчлагдсан тоног төхөөрөмжийг ашиглан явуулдаг тул чанарыг сайжруулах бүрэн боломжтой болдог.
Бүтээгдэхүүний чанарырг стандартчилах нь зардлыг маш олон төрлийн шат дамжлага, үйлдвэрлэлийн бүх нэгжүүдэд тараан хуваарилагддаг тул нэгжийн зардал бага гардаг. Хоёр дахь шатанд эцсийн бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэхтэй холбоотой бэрхшээл гарах аюулаас зайлсхийх үүднээс нийлүүлэгчийг сайн чанарын түүхий эд бараа материалыг нийлүүлэхийг шаарддаг. Нийлүүлж буй бараа материалын чанарт эргэлзэхээргүй болсон үед үйлдвэрлэлийн гарцыг шалгахад гарах зардал ба хугацаа нь бага байх болно.
Гурав дахь шат нь бүтээгдэхүүний чанарыг дээд зэргээр сайжруулах үүрэг хариуцлагыг ажилчдад хүлээлгэх хэрэгтэй. Үүний тулд ажлыг гүйцэтгэхэд шаардагдах тоног төхөөрөмж, хэрэгслүүдээр хангаж ажлын арга барилын талаархи сургалтанд хамруулж, чанарыг дээшлүүлэх гэсэн ажилчдын оролдлогыг урамшуулж, ямар нэг асуудал гарах үед түүнийг шийдвэрлэхэд хүчин чармайлт гаргахад нь дэмжих хэрэгтэй.
Хамтач уур амьсгал. Яг цагт нь систем нь ажилчид, менежер болон бэлтгэн нийлүүлэгчийн хооронд хамтач уур амьсгал байхыг шаарддаг. Хамтач уур амьсгал бий болоогүй тохиолдолд үр ашигтай яг цагт нь систем хэрэглэж чадахгүй. Япончууд энэ тал дээр маш их амжилт олсон. Энэ нь япончуудын соёл, хүндэтгэл болон хамтын ажиллагааны онцлогтой холбоотой. Дорно дахины соёл заншилд эртнээс ажилчид, удирдлагууд болон бэлтгэн нийлүүлэгч нар нарийн холбоотой байсаар иржээ. Хамтач уур амьсгалыг бий болгохын тулд дараахи асуудлуудад их анхаарал тавьдаг. Үүнд:
1. Насаар нь ажилд авах: Япончууд ажилд хүмүүсийг авахдаа бүхий л насаар нь ажилд авдаг. Тиймээс ажилчид бүхий л насаа, бүхий л хийж чадах зүйлээ компанийнхаа зорилгыг биелүүлэхэд зориулдаг.
2. Компанийн нэгдэл: Дэлхийн 2-р дайны дараа Мак Артур Японы үйлдвэрийн газруудад үйлдвэрчний эвлэлийг ашиглахыг зорьсон боловч япончуудын сэтгэхүй үүнийг өөрөөр хүлээж авсан байна. Тэрээр ямар ажил хийдгээс үл хамааран бүх ажилчдыг энэхүү эвлэлд элсүүлж ажилчдын эрх ашгийн төлөө биш, харин компанийн сайн сайхны төлөө нэгдсэн нэгэн эвлэл болгон зохицон байгуулахыг хичээсэн байна. Эвлэл удирдлага хоёр хоршин компанийг сайн сайхан байлгахын төлөө хамтарч ажилладаг байна. Япончууд манай компани сайн явах юм бол бид сайн явна гэсэн үзэлийг ажилчдад төрүүлэхэд их анхаардаг.
3. Ажилчидтай харьцах харилцаа: Япончууд ажилчидтай харьцахдаа хэзээ ч хүн төрхтэй машинтай харьцаж байгаа мэт байдаггүй. Япончууд ажлын төлөө хамгийн их хичээл зүтгэл гаргах боломжийг ажилчдад бүрдүүлж өгөх нь чухал гэж үздэг. Тэгээд ч Япончууд ажилчдаа сургалтанд хамруулахад их анхаардаг.
4. Автомат роботууд: Японы компаниуд хэрвээ автомат роботуудын талаар шинэ санаа, шинэ нээлт гарах юм бол хүмүүс хийж гүйцэтгэх ажилгүй болно, бүх ажлыг нь роботууд хийнэ гэж айх аюул байхгүй гэдгийг ажилчидддаа сайтар ухамсарлуулжээ. Ажилчид өөрсдийнх нь гар ажиллагааг хялбарлахуйц роботууд гарч ирвэл харин ч улам бүр сонирхолтой ажилтай болно гэдэгт итгэдэг. Тиймээс ч автоматжуулалтыг бүрэн дэмжиж байдаг. Япончууд сүүлийн 15 жил ҮНБ-ийхээ 1/3 ийг автоматжуулалтад зарцуулсан нь японы автоматжуулсан роботын тоо хэмжээ нь америктай харьцуулахад 5 дахин их байна.
Доод түвшний бүлгийн удирдлага: Япончуудын менежментийн арга барил нь тун өөр байдаг. Аливаа менежментийн асуудлыг нэг том менежер биш харин нэгэн бүлгийн зөвшилцөлийн дүнд шийддэг. Энэ нь бяцхан арал дээрхи сая сая хүмүүс их ойрхон хамт эвсэг амьдардагтай холбоотой. Доод түвшний менежмент гэдэг нь аль ч түвшиний ажилчдыг эрхэмлэж, аливаа удирдлагын шийдвэрийг аль болох доод түвшиний хүрээнд дугуй ширээний ард маш удаан хэлэлцсэний дүнд гаргадаг. Энэ нь шийдвэр гаргах явцыг удаашруулж, том нүсэр компаниудын хувьд бэрхшээлтэй байдаг хэдий ч энэхүү хэлбэрийн удирдлагын дүнд жинхэнэ гүйцэтгэх ажилчид өөрсдийн ажлыг бүрэн ухамсарлаж, боломжит сонголтын талаархи өөрийн бодлыг илэрхийлж, өөрийн дамжлагын талаархи ойлголтыг дараагийн шатныхандаа өгдөг. Ажлын үр дүн энэ үед сайн байдаг.
Гэрээ байгуулагчдын нэгдсэн сүлжээ: Америкт нэг төрлийн бүтээгдэхүүнээр нарийн төрөлжсөн нэг бэлтгэн нийлүүлэгч маш олон компанийг бараа материалаар хангадаг бол Японд тухайн нэг компанийн төлөө ажилладаг, уг компаний шаардлагатай бүх бараа материалыг нийлүүлж байдаг нийлүүлэгчид байдаг. Тэгээд ч япончууд бэлтгэн нийлүүлэгчээ нэгэн гэр бүл мэт тооцож харилцдаг. Үүний хариуд нийлүүлэгч нь өндөр чанартай бараа бүтээгдэхүүнийг яг шаардлагатай цагт нь өдөрт хэдэн удаа зөөвөрлөж, бараг хоосон шахуу контейнерүүдийг машинд ачиж, ямар ч саад төвөг үзүүлэхгүйгээр өөрийн хийх ёстой ажлыг гүйцэтгэж байдаг.
Яг цагт нь системийг нэвтрүүлэх
Олон тооны саад бэрхшээлүүд гарч болно. Эдгээр саад бэрхшээлүүдийн дотроос хамгийн осолтой саад тотгоруудыг дурьдвал:
1. Удирдлага нь яг цагт нь системд шилжих явцыг шаардлагатай нөөцөөр хангаж өгөхийг хүсэхгүй, үүнд бэлэн биш байж болно. Энэ нь магадгүй хамгийн ноцтой хүнд бэрхшээл байж болно. Үүнээс үүдээд яг цагт нь системийг нэвтрүүлэх үйл явц нуран унаж болох юм.
2. Ажилчид ба удирдлагын хооронд хамтач уур амьсгал бүрдэхгүй байж болох юм. Энэхүү систем маань хамтач уур амьсгалыг дүнд бий болдог. Яг цагт нь систем нь удирдлагын зарим нэг эрх мэдлүүдийг ажилчдад шилжүүлж, ажилчид өөрсдөө гүйцэтгэсэн ажилдаа хяналт тавих нөхцөл бүрддэг тул энэхүү системийг удирдлагууд эсэргүүцэж болно. Нөгөө талаас аливаа хүмүүс өөрчлөлт шинэчлэлтэнд дургүй, өөрийн мэддэг, сурснаараа амьдрахыг хүсдэг тул ажилчид өөрсдийн үүрэг хариуцлага нь олширно гэдэг үүднээс энэхүү системээс зайлсхийх хандлага ажиглагддаг.
3. Бэлтгэн нийлүүлэгч нар хэд хэдэн шалтгааны улмаас энэхүү системийг хүлээж авдаггүй.
а) Бэлтгэн нийлүүлэгчийн бараа материалыг худалдан авагч нар бэлтгэн нийлүүлэгчийг яг цагт нь системд дасан зохицоход нь туслахуйц хангалттай нөөц бололцоо байхгүй байж болно.
b) Худалдан авагчтай урт хугацааны гэрээ хийх хүсэлгүй байж болно.
с) Бага хэмжээгээр бараа материалыг байн байн зөөвөрлөх нь хэцүү, зардал өндөртэй байж болно. Ялангуяа яг цагт нь системийг хэрэглээгүй өөр бусад компаниудад бас үйлчилдэг тохиолдолд бүр бэрхшээлтэй.
d) Чанарын хяналтын дарамт шахалт нь бэлтгэн нийлүүлэгчдийг үргээж болно.
е) Яг цагт нь системийг улам бүр боловсронгуй болгох гэсэн худалдан авагчийн оролдлого нь янз бүрийн өөрчлөлт гарахад нөлөөлж болох юм.
Яг цагт нь систем нь үйл ажиллагаа нь давталттай явагддаг үйлдвэрлэлийн системд хэрэглэгддэг бөгөөд тодорхой тогтсон хуваарийн дагуу бараа материалаар хангадаг. Энэ системийн үед бүх ажлууд маш нарийн, сайн зохицуулагдсан байдаг тул харьцангуй бага хэмжээний бараа материал шаардлагатай байдаг.
Чанарын доголдол нь үйл ажиллагаанд саад тотгорыг бий болгодог тул чанарын маш өндөр түвшинг шаарддаг.
Яг цагт нь системийн гол давуу талууд бол бараа материалын тоо, агуулахын хэмжээ, зөөвөрлөх хугацаа багасч, бүтээгдэхүүний чанар, уян хатан шинж хангагдаж, бүтээмж өсөн, дахин хянах засварлах ажлын хэрэгцээ байхгүй болж, тоног төхөөрөмжийн ашиглалт сайжирдаг.
Comments
Post a Comment