Бараа материал худалдан авах үйл ажиллагаа 7-р хичээл
Худалдан авах үйл ажиллагаа, түүний зорилго
Материал гэдэг бол үйлдвэрлэл үйл ажиллагааны явцад хэрэглэгддэг биет зүйл юм. Үүнд зөвхөн сэлбэг, түүхий эд материал, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцлийг бүрдүүлдэг бусад биет зүйлс тухайлбал, шатахуун, тослох материал, багаж төхөөрөмж зэрэг худалдан авч хадгалагддаг, зөөгдөж тээвэрлэгддэг бүх зүйлс орно. Материалын менежмент нь тэдгээрийг худалдан авах, хадгалах, үйлдвэрийн процессын туршид түүнийг хуваарилах, шилжүүлэх үйл ажиллагаатай холбоотой байна.
Тэгэхээр үйлдвэрлэлийг үйл ажиллагаанд оруулахын тулд янз бүрийн материалыг худалдан авдаг. Иймд олонхи байгууллагууд худалдан авах гэсэн нэмэлт үүргийг гүйцэтгэдэг. Энэ нь гадны нийлүүлэгч бусад байгууллагаас материалыг худалдан авах тухай хэлэлцээр байгуулах үеэс эхэлдэг. Хэлэлцээр байгуулах ажлыг нийлүүлэлтийн эх үүсвэр, түүний үнийг тодорхойлох, үнийн шинжилгээ хийхээс эхэлдэг.
Материалыг худалдан авах үйл ажиллагаа бол байгууллагыг гадны нийлүүлэгчтэй холбож өгөх үүрэг гүйцэтгэдэг. Иймд том хэмжээний үйлдвэр аж ахуйн газруудад түүхий эд, материалыг зөвхөн худалдан авах үүрэгтэй хэлтэс ажилладаг. Худалдан авах үйл ажиллагаа нь бусад хэлтэс, тасгуудын үйл ажиллагаатай ихээхэн холбоотой. Тухайлбал, үйл ажиллагаа явуулдаг нэгжүүд бараа материалыг худалдан авч байгаа зүйлийнх нь чанар, хэрэглэгчийн шаардлагад хир нийцэж байгааг тогтооход чухал үүрэгтэй. Мөн хуулийн зөвлөхтэй байж болно. Хуулийн зөвлөх нь үнэ, бүтээгдэхүүний чанар, нийлүүлэгчтэй байгуулсан гэрээний талаархи маргаантай асуудлуудыг шийдвэрлэхэд чухал үүрэгтэй. Худалдан авах үйл ажиллагаа нь бүртгэл санхүүгийн хэлтэстэй холбоотой. Энэ хэлтэс нь нийлүүлэгчдэд бараа материалын үнийг төлөх, үнээ тогтоох, түүнийг хямдруулах асуудлыг шийдвэрлэхэд чухал үүрэгтэй.
Мөн үйлдвэрийн газрын загвар зохион бүтээгчид инженерийн албатай маш чухал холбоотой байна. Энэ нь материалын онцлог шинж нь бүтээгдэхүүн үйлдвэрлэх шаардлагыг хир хангаж байгаад үнэлэлт өгөх үүрэгтэй.
Хүлээн авах алба тухайн зүйлийг орлогодож авах, тэдгээрийн тоо хэмжээ, чанар, хадгалах чадвар зэргийг нь тодорхойлно.
Худалдан авах үйл ажиллагааны зорилго нь:
1. Хэдийд ямар зүйл, хэдий хэмжээтэй хэрэгтэйг тодорхойлох.
2. Хамгийн боломжийн үнээр худалдан авах.
3 . Нийлүүлэгчтэй илүү сайн харилцаа тогтоох.
4. Нийлүүлэлтийг хангах эх үүсвэрийг тодорхойлох.
5. Шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, түүний үнийг тогтоох.
Худалдан авах үйл ажиллагааны үе шат
Худалдан авах үйл ажиллагаа нь өөртөө шаардлагатай түүхий эд, бараа материал, сэлбэг хэрэгсэл, багаж төхөөрөмжийг гадны байгууллагаас худалдан авах тухай хүсэлт гаргах юм уу эсвэл гэрээ байгуулснаар эхэлж, тэдгээрийг хүлээн авч орлого болгосноор дуусдаг. Худалан авах үйл ажиллагаа нь дараах үе шатаар явагдана.
1. Худалдан авч байгаа зүйлийг хүлээн авах. Энэ үе шатанд ямар зүйлийг худалдан авах, тэдгээрийн шаардлагатай тоо хэмжээ, чанар, нийлүүлэх хугацаа, худалдан авах асуудал шийдэгдэнэ.
2. Нийлүүлэгчийн сонгох. Худалдан авах хэлтэс бараа материалыг хэн нийлүүлэх боломжтой болохыг тодорхойлох ёстой. Үүнийг сонгох үед бараа материалын нөөцийн үнэ, чанар, түүнийг татан авахад гарах зардлын хэмжээ заргийг харгалзана.
3. Үйлдвэрлэгчээс бараа материалын нөөцийг худалдан авах, захиалга хийх. Ялангуяа нэг удаа худалдан авах үед захиалага хийхэд маш их хэмжээний зардал шаардагдаж байвал түүнийг маш нарийн шалгах хэрэгтэй.
4. Захиалгаа хүлээн авах. Захиалсан зүйлийг худалдан авах үед нийлүүлэгчээс хүлээн авч байгаа зүйлийн тоо хэмжээ, чанарыг маш нарийн шалгах хэрэгтэй. Хэрэв худалдан авч байгаа зүйл нь үйлдвэрлэгчийн хэрэгцээ шаардлагыг хангаж чадахгүй байвал буцаан өгөх, түүнтэй холбоотой үүсэх хариуцлагыг хүлээлгэх хэрэгтэй.
5. Худалдан авах үйл ажиллагаанд үнэлгээ өгөх. Үүний тулд худалдан авсан материал, түүхий эд, сэлбэг хэрэгсэл нь зардлыг хир хямдруулж, үйлдвэрлэлийн төлөвлөгөөний биелэлтэнд ямар нөлөө үзүүлж байгааг судлах хэрэгтэй. Ингэснээрээ хямд үнэтэй материал, түүхий эд, сэлбэгийг ашиглаж чадав уу, үүний үр дүнд үйлдвэрлэлийн зардал хямдрав уу? Энэ нь бүтээгдэхүүний үнийг хямдруулахад нөлөөж чадав уу, стандартын шаардлага бүрэн хангасан зүйлийг хэрэглэж чадав уу, энэ нь бүтээгдэхүүний чанарт ямар нөлөө үзүүлэв зэрэг асуултуудад хариулах боломжтой болно.
Ийм шинжилгээг байнга хийх боломжгүй байдаг. Ийм шинжилгээг голдуу тодорхой үеэр, ялангуяа маш өндөр үнэтэй түүхий эд материал худалдан авах, захиалга хийх үед зайлшгүй хийх хэрэгтэй.
Хэдийгээр худалдан авах асуудлыг хариуцсан хэлтэс, тэнд ажиллаж байгаа хүмүүс дээрхи шинжилгээний үр дүнг харгалзан үндсэн өөрчлөлт хийж чадахгүй ч үйлдвэрлэлийн нэгжүүд, түүнийг хуваарилагч, нийлүүлэгчдэд тодорхой хэмжээний санал зөвлөмж өгөх боломжтой байдаг.
Үйлдвэрийн газар тодорхой төрлийн бараа материалыг худалдан авах уу эсвэл өөрөө үйлдвэрлэх үү гэдэг асуудлыг шийдэх хэрэгтэй болдог. Ийм асуудал янз бүрийн шалтгааны улмаас гарч болно. Тухайлбал, нийлүүлэгч найдвар муутай байх, үйлдвэрлэлийн газарт ашиглагдахгүй хүчин чадал байгаа үед, үйлдвэрлэлийн үйл ажиллагааны явцад хяналт тавих шаардлага өсөх, үнэ хэт өндөр байх зэрэг нөхцлүүдэд дээрхи асуудлууд гардаг. Үйлдвэрлэх үү, эсвэл худалдан авах уу гэдэг асуудлыг шийдвэрлэхэд дараах хүчин зүйлсийг харгалзана.
1. Худалдан авах зардалтай харьцуулахад үйлдвэрлэхэд гарах зардал ямар байгааг харгалздаг.
2. Эрэлт тогтвортой байгаа эсэх.
3. Өөрөө үйлдвэрлэхэд худалдан авснаас чанарыг сайжруулах боломж байгаа эсэх. 4. Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны явцад тавих хяналтыг хүчтэй болгох боломж.
5. Байгууллагын хүрээнд ашиглагдахгүй хүчин чадал байгаа эсэх,
6. Үйлдвэрлэх ба захиалгаар авах хугацаа.
7. Технологийн тогтвортой байдал. Хэрэв технологи нь байнга өөрчлөгддөг байвал нийлүүлэгчээс худалдан авах нь дээр байна.
Түүхий эд бараа материалыг худалдан авах үед нийлүүлэгчийг зөв сонгон авахад анхаарах нь чухал. Нийлүүлэгчийг сонгох үед:
- Үнэ
- Чанар
- Тухайн бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж ирсэн туршлага, түүний уян хатан үйл ажиллагаа.
- Худалдан авсны дараа үзүүлэх үйлчилгээ
- Байршил
Тухайн бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх талаар нийлүүлэгчийн баримталж байгаа бодлого.
Ийм судалгааг нийлүүлэгчийн судалгаа гэдэг.
Худалдан авах бараа материалын үнийг дараах 3 аргаар тогтоодог.
1. Өмнөх үеийн үнээр
2. Өрсөлдөгчдийн нийлүүлж байгаа үнээр
3. Гэрээний үндсэн дээр
Байгууллагуудад ихэнхи тохиолдолд бараа бүтээгдэхүүнийг урьдчилан тогтчихсон үнээр худалдаж авдаг. Ялангуяа стандартчилагадсан, хааяа худалдаж авдаг зүйлийг ийм үнээр худалдан авдаг. Стандартчилагдсан бүтээгдэхүүнийг ихээр худалдаж авах үед өрсөлдөгчийн нийлүүлж байгаа үнээр худалдан авдаг. Гэрээгээр бүтээгдэхүүн түүхий эдийг худалдан авах үед гэрээний үнийг ашиглана.
Түүхий эд, бараа материалыг төвлөрсөн ба төвлөрсөн бус хоёр аргаар худалдан авдаг. Төвөлөрсөн аргаар худалдан авах үед бараа материал худалдан авах асуудлыг байгууллагад
дээрхи чиглэлээр төрөлжсөн нэг л хэлтэс шийддэг. Төвлөрсөн бус аргаар худалдан авах үед байгууллагын цех, салбар бүр бараа, түүхий эд худалдан авах асуудлаа өөрсдөө шийддэг.
Төвлөрсөн аргаар худалдан авах үед бараа материалыг ялангуяа ихээр нь бөөнөөр худалдаж авах үед үнийн хөнгөлөлт эдэлж хамгийн бага үнээр худалдан авах боломжтой болдог. Мөн нийлүүлэгчийн зүгээс илүү анхаарал тавьж үйлчлүүлэх боломжтой байдаг. Төвлөрсөн аргаар бараа, түүхий эдийг худалдан авах үед бараа түүхий эдийн чанарыг сайн мэддэг мэргэжилтнийг томилон ажиллуулах боломжтой байна. Гэвч төвлөрсөн бус аргаар бараа түүхий эдийг олж авах нь ч өөрийн гэсэн давуу талуудтай. Тухайлбал, үйлдвэрлэлийн нэгж, салбарууд нь зөвхөн өөрийнхөө хэрэгцээнд нарийн тохирсон тоо, чанар бүхий материалыг олж авах боломжтой. Түүнчлэн тэдгээр нэгж салбарууд нь хоорондоо хол байрласан байвал тээврийн зардлыг хэмнэх боломжоор илүү байдаг. Захиалга хийх, түүнийг хүргэх, татан авах асуудлыг хөнгөн шуурхай явуулдаг.
Бараа материалыг худалдан авах асуудлыг оновчтой зохион байгуулах үед нийлүүлэгчтэй сайн түншийн харилцаатай байх хэрэгтэй. Бараа материалыг худалдан авах асуудал зөвхөн түүнийг худалдан авсанаар дуусдаггүй. Түүнийг үйлдвэрлэлийн нэгж, салбаруудын хооронд хуваарилах асуудлыг зөв шийдэх хэрэгтэй болдог.
Материал техникийн хангамж
Материал техникийн хангамжийн асуудал бол үйлдвэрийн газрын дотор материал түүхий эдийг шилжүүлэхтэй холбоотой асуудал юм.
Бараа материалыг үйлдвэрийн газрын дотор дараах үе шатаар шилжүүлнэ.
1. Тээврийн хэрэгслээс бараа материалыг хүлээн авах.
2. Хүлээн авсан зүйлийг агуулахад оруулах.
3. Агуулахаас үйлдвэрлэлд шилжүүлэх.
4. Үйлдвэрлэлийн нэг нэгжээс нөгөөд шилжүүлэх.
5. Үйлдвэрлэлээс бэлэн бүтээгдэхүүнийг агуулахад оруулах.
6. Агуулахаас савлах, ачих цехэд шилжүүлэх.
7. Ачих цехээс тээврийн хэрэгслэлд ачих.
Шилжиж байгаа бараа материалын нэг хэсэг нь материалын нөөц, нөгөө хэсэг нь эцсийн бүтээгдэхүүн, гурав дахь нь түүхий эд материалд хамаарагддаг.
Орж, гарч байгаа ачаанд тавих хяналтыг ачаа эргэлтийг удирдах гэж нэрлэдэг. Ачаа эргэлтийг зөв удирдах асуудалд ачаа эргэлтийн төлөвлөгөө боловсруулах, ачаа тээвэрлэх арга, нийлүүлэх хэмжээ, хугацааг тодорхойлох асуудлууд хамаарагдана. Ачаа эргэлтэнд тавих хяналтыг компьютерээр хийх нь энэ тухай байнгын бодитой мэдээлэлтэй байх боломж олгодог. Сүүлийн үед бараа матеариалыг компьютерээр хяналт тавих, хуваарилах үед бараа бүтээгдэхүүний кодыг их өргөн хэрэглэдэг болсон байна.
Бараа материалыг зөв бүртгэж түүнд тавих хяналтыг сайжруулснаараа тодорхой хугацааны дотор бараа материалын нөөц хэрхэн өөрчлөгдөж, ямар хэмжээний нөөцтэй үлдэж байгааг тодорхойлох боломж олгодог. Энэ нь тухайн байгууллагын өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд ч чухал рольтой байдаг.
Мэдлэг шалгах асултууд
1. Материалын нөөцийн менежментийн үүргүүдийг товч томъёолж бичнэ үү
2. Худалдан авах үйл ажиллагаа бусад хэлтсүүдийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлх вэ?
3. Өртгийн шинжилгээг хэрхэн яаж хийх вэ?
4. Хамгийн сайн чанартай, хамгийн хямд үнийгсанал болгож нийлүүлэгчийг байнга
сонгох хэрэгтэй юу? өөрийхөө хариултыг тайлбарлана уу.
5. Бараа материалыг төвлөрсөн аргаар нийлүүлэхийн давуу сул талуудын талаар ярилцна уу.
6. Үнэ тогтоох аргуудын талаар хэлэлцнэ үү.
7. Нийлүүлэгчтэй яагаад сайн харилцаа тогтоох хэрэгтэй вэ? Нийлүүлэгчийг хамтран ажиллагч хэмээн үзэх эсвэл эсрэг тал хэмээн үзэх үзэл баримтлалуудыг харьцуулан ярилцна уу.
8. Материалын нөөцийн менежмент дэх материал техникийн хангамжийн асуудал.
Comments
Post a Comment